Saturday, December 7, 2019

Хичээл 4 Шингэний зохицуулга


БИЕ МАХБОДЫН ШИНГЭНИЙ ЗОХИЦУУЛГА

Бие махбодын шингэн буюу цус, тунгалаг, нугасны шингэнд агуулагдаж байдаг даавар, медиатор (эсийн өвөрмөц бодис), бодисын солилцооны бүтээгдэхүүн болон бусад идэвхт бодисуудын тусламжтайгаар бие махбодын үйл ажиллагааны гумораль буюу шингэний зохицуулга явагдана. Энэ бол бие махбодын хамгийн нийтлэг зохицуулга мөн.
Биологийн идэвхт бодисууд бие махбодын шингэнд ороод цусны урсгалаар бүх эрхтэн, эдэд хүрч очиж, тэдгээрийн үйл ажиллагаанд нөлөөлнө. Физиологийн үйл ажиллагааг зохицуулагч эдгээр химийн идэвхт бодисыг гормон буюу даавар гэж нэрлэдэг. Даавар нь дотоод шүүрлийн булчирхайнуудад боловсорно.

Шингэний зохицуулга нь булчирхай тус бүрийн салангид үйлчилгээгээр явагдахгүй. Дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа төв мэдрэлийн системийн хяналтанд байх тул тэдгээр нь хоорондоо харилцан нягт холбоотой үйлчилж байдаг.
Өөрөөр хэлбэл химийн идэвхт бодис үүсэх, үйлчлэх нь төв мэдрэлийн систем, дотоод шүүрлийн булчирхай хоёрын хоорондын нягт уялдаа холбоонд явагдах бөгөөд үүнийг бие махбодын үйл ажиллагааг зохицуулагч мэдрэл - шингэний зохицуулга хэмээх нэг бүхэл бүтэн системд нэгтгэдэг.
Шингэний зохицуулга нь судсаар урсаж байгаа цусны хөдөлгөөний 5*10-4- 5*10-1 м/с буюу 0,5-500 м/с хурдаар хязгаарлагдах учир бие махбодын ба эрхтэнүүдийн үйл ажиллагааг түргэн хугацаанд өөрчлөх боломжгүй юм. Харин тухайн нөхцелд нь тохируулан бие махбодын ба эрхтэнүүдийн үйл ажиллагааг мэдрэлийн зохицуулга маш түргэн хугацаанд өөрчлөн зохион байгуулж чадна. Энэ нь мэдрэлийн ширхэгээр мэдрэлийн импульс 120-140 м/с хүртэл хурдтайгаар тархдагтай холбоотой байна.
Мэдрэлийн зохицуулга нь шингэний зохицуулгыг зайлуулж үгүй болгодоггүй, харин өөртөө харъяалуулж захируулна. Энэ нь бүхэл бүтэн бие махбодод үйл ажиллагааны мэдрэл - шингэний нэгдмэл зохицуулга үйлчилдэг гэсэн үг. Хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангах маш олон төрлийн даавар байдаг бегөед эдгээр нь өөр өөрийн гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд өөр өөр эрхтэнд ялгардаг.


No comments:

Post a Comment