Saturday, January 30, 2021
Арга билгийн ухааныг дадуулах
Аргыг дадуулах, түүний учир шалтгааныг танин мэдэх
Арга гэдэг нь мэдлэгийг зөв тийш залдаг ухаан юм. Жишээ нь: амьтан бүгдийг зовлон бүхнээс нь хагацуулж өгье гэсэн энэрэхүйн нинжин сэтгэл, бусдыг муу бүхнээс нь хагацуулж өгье, тэгэхийн тулд өөрийн алдаа гэм бүгдийг засъя гэсэн сэтгэл бол арга юм.
Өөрийн эзэмшсэн мэдлэгийг өөрт болон бусдад тустай болгон хувиргаж чадах нь аргыг дадуулсны ач тус юм. Аргыг дадуулснаар сэтгэл өөрөө уужуу болж, улам тэлдэг. Сэтгэл ийнхүү тэлснээр аливаа бэрхшээл, зовлон өөрт зовлон шаналал болохгүй, түүнд сэтгэл торохгүй болж, сэтгэл өөрөө амар амгалантай болно. Амар амгалантай сэтгэлийн үүднээс гаргасан шийдвэр зөв болж, өөрийн хийж байгаа үйл, ажил хэрэг ч өөрт болон бусдад тустай болдог.
Аргыг дадуулахгүй бол хүн хэчнээн их мэдлэг, чадвар эзэмшсэн байсан ч түүнийгээ буруу тийш залж, муу үйлд ашиглаж, үүнээс улбаалан өөрт болон бусдад хүндрэлтэй, төвөгтэй асуудлууд бий болно. Аргыг эс дадуулснаар бие, хэл, сэтгэлийнхээ гэм бүгдийг засъя гэсэн сэтгэл, нинжин энэрэхүй сэтгэл дутсанаар өөрийн алдааг олж харж чадахгүй, сайн үйлийн зүгт, сайн үйлд өөрийгөө чиглүүлэхэд учир дутагдалтай болдог. Энэ нь аргыг дадуулаагүйн гэм юм. Аргыг дадуулаагүйгээс сэтгэл аливааг ахархан богино боддог болж, ингэснээр амьдралын жижиг сажиг бэрхшээл өөрт улам том асуудал болж, сэтгэл түүнд торж, сэтгэлийн шаналал улам нэмэгдэнэ. Эцэг эх, ачтай хүмүүсийнхээ ачийг санаж, өөрийн сурах болон эрхэлж буй ажил хөдөлмөрөө тэднийхээ сайн сайхны төлөө зориулъя гэж бодох, өөрийн ах дүү нар, зовж зүдэрч байгаа амьтан бүхнийг амар амгалантай сайн сайхан байлгая, тэгэхийн тулд би өөрийн бие, хэл, сэтгэлийн алдаа дутагдлаа засаж, бусдыг баярлуулъя, тэгэхийн тулд би хийж байгаа үйл бүхнээ эдгээрт зориулж байна гэж бодвол аргыг дадуулахад хамгийн нэн тэргүүний хэрэгтэй бодлыг бодож байгаа болно. Хичээлээ давтах, ажил хөдөлмөр хийх, худалдааны ажил эрхлэх зэргээр аливаа ажил бүгдийг хийхдээ “Би ямар сэтгэлийн үүднээс хийж байна” гэдгээ ямагт ажиглан буруу сэтгэлийн үүднээс хийж байвал “Энэ болохгүй” гэж түүнийгээ зөв болгон засаж, хандлагаа өөрчлөхийг хичээх нь аргыг өдөр тутам дадуулахын аргачлал болно.
Өглөө хичээл номоо сурахаар сургуульдаа явах, гэр орны ажлаа хийх, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг хийх бүх ажлаа өөрт ачтай хүмүүсийнхээ сайн сайхны төлөө, тэднийг амар амгалантай, баяр баясалтай, сайн сайхан байлгахын төлөө би хийх юм шүү гэж бодно. Өдөр би хийж байгаа үйлдлээ, ажлаа өглөө бодсон шигээ зөв зорилгоор хийж байна уу, үгүй юу гэж хянан үйлдэл, ажлаа улам зөв зорилгоор хийе гэсэн бодлыг дахин төрүүлнэ. Орой өглөөнөөс хойш хийсэн бүх үйлдлээ дахин сайн бодно. Унтахынхаа өмнө “Би үйлдлээ ямар сэтгэлийн үүднээс хийсэн байна вэ” гэдгээ дүгнэн цэгнэж, буруу сэтгэлийн үүднээс, буруу зорилгоор хийсэн байвал түүнийгээ гэмшиж “Дахиад би ингэхгүй шүү” гэж бодох, хэрэв зөв сэтгэлийн үүднээс хийсэн байвал “Үүнийгээ би алдахгүй цаашид улам хичээнэ шүү” гэж өдөр бүр өглөө, өдөр, орой ийнхүү бодож, өөрийгөө чиглүүлэхийг аргыг өдөр тутам дадуулах гэнэ.
Билгийг дадуулах түүний учир шалтгааныг танин мэдэх
Билиг нь аливаа юмсын мөн чанарыг мэдсэн ухааныг хэлдэг. Тодруулбал, өөрт асуудал тулгарахад түүний гол зангилаа болон гарцыг зөв танин мэдэж чаддаг, аливаа үйлийг хэрхэн хийвэл өөрт амар хялбар хийж бүтээж болохоор буйг зөв олж чаддаг ухааныг хэлнэ.
Аливаа юмс, үзэгдлийн мөн чанарт бодит байдал талаас нь хандаж чадвал билгийг дадуулж байгаа хэрэг юм. Аливаа юмс, үзэгдэл, асуудал, мөн хүнд тохиолддог сайн, муу зүйл бүгдэд мөн чанарыг нь зөв мэдэж, бодит байдал талаас нь хандаж чадахыг хэлнэ. Тухайлбал, бэрхшээл тулгарахад даван туулж чадна, мөн өөрөө шаналахгүй, бусдыг зовоохгүй байж чадна. Сайн зүйл тохиолдоход түүнийг өөрт болон бусдад тустай болгож чадна, мөн түүнийг урт хугацаанд эдэлж, ач тусыг нь хүртэхээр болгож чадна. Эдгээр нь билгийг дадуулсны ач тус юм.
Аливаа асуудлын мөн чанар нь юу байна, яагаад ийм болов, түүнээс гарах гарц нь юу байна гэж эргэцүүлэн бодож, түүний мөн чанарт нь хандаж байхгүй бол хүн тухайн агшинд өөрийг эзэмдэж байгаа сэтгэл, өөрт бодогдож байгаа бодол бүрийн үүднээс аливаад хандах гээд байдаг. Ийнхүү хандвал зарим тохиолдолд зөв бодол хааяа төрж, түүний үүднээс сайн үйл хийдэг ч, хүн ихэнхдээ буруу бодлын үүднээс шийдвэр гаргаж, бусадтай буруу харилцах, өөрийн зорьсон зорилгодоо хүрч чадахгүйд хүрэх гэх мэтээр алдаж эхэлдэг.Тиймээс билгийг дадуулахгүй бол, мөн билиг гэдгийн мөн чанарыг мэдсэн ухааныг өөрт байна уу, үгүй юу гэж ажиглаж, тэрхүү ухааныг өөртөө дадуулж, хэвшүүлэхгүй бол, өөрт бодож байгаа бодол, эсвэл бусдын хэлсэн үг, бусдын нөлөө төдийгөөр аливаад хандах гээд байдаг. Ийнхүү хандвал энэ нь муу үр дагавар дагуулдаг. Хялбар хийчихээр ажил хүнд болж, хурдан, хялбар зохицуулчих, шийдчихээр асуудал их томорч, өөрт болон бусдад төвөгтэй болж хувирах, мөн бусдыг баярлуулахад илүү их баярлуулж болохоор байтал бага зэрэг баярлуулах, хүч нь сул болох, баярлуулах битгий хэл гомдоох гэх мэт муу үр дагаврууд гардаг. Эдгээр нь билгийг дадуулж, түүний мөн чанарыг эргэцүүлээгүйн гэм юм.
Билиг гэж аливаа зүйлийн мөн чанарыг ухаарсан ухааныг хэлнэ. Арга нь билгийг юуны төлөө хийхийг, ашиглахыг залж байдаг ухааныг хэлнэ. Арга нь билгийг хөтөлж, билиг нь аргадаа хөтлүүлж явдаг. Хүн хэдий чинээ хурц ухаантай, хэдий чинээ мэдлэгтэй байсан төдийгөөр хангалтгүй. Хүн аргын үүднээс мэдлэг ухаанаа ашиглахгүй бол арга дутсанаас хүн мэдлэг ухаанаа муу үйлд, өөрт болон гэр бүл, бусдад хорлолтой үйлд ашигладаг. Тиймээс билиг нь мөн чанарыг мэдүүлж, арга нь түүнийг хөтөлж явдаг ухаан юм.
Өглөөнөөс эхлэн орой унтах хүртэл хүнд сайн, муу олон зүйл тохиолдоно гэж үзвэл тэдгээрт бодит байдал талаас нь хандсан, бодит үнэнийг нь ухаарсан, мөн чанарыг нь мэдсэн ухааныг өөрт байна уу, үгүй юу гэж ажиглаж, түүнийг бий болгохын төлөө хичээх, өдөрт хэд хэдэн удаа энэ тухай бодож, тухайн зүйлийн бодит байдал нь яг юу байв, мөн чанар нь юу байв гэж учрыг нь олохыг хичээх нь билгийг дадуулах юм.
Өөрт тустай, үнэн үг хэлдэг бусад хүнээс лавлаж, учир шалтгааныг нь асууж, эргэцүүлэн бодож байх нь билгийг өдөр тутамдаа дадуулахын нэг хэлбэр болно. Хүн хүнд, хэцүү бэрхшээл тулгарахад тэдгээрийн мөн чанарыг бодит байдлаар нь бодож чадвал тайвширдаг. Жишээ нь: би хэн нэгэнд тусалсан ч тэр намайг муу үгээр хэлж, таагүй байдал үзүүлсэн тохиолдолд билгийг дадуулж байгаа хүн бол “Энэ хүн чин сэтгэлээсээ хэлсэн үү, өөрийн эрхээр хэлсэн үү, буруу сэтгэлээ барьж дийлэхгүй хэлсэн үү, атаархаад хэлсэн үү эсвэл бусдын нөлөөнд автаад хэлэв үү, аль нь ч байлаа гэсэн энэ хүн өөрийн зүгээс өөрийгөө барьж дийлэхгүй байна. Бодит үнэн нь бол энэ хүн өөрийгөө барьж дийлэхгүй байгаа учраас ийм байдал надад үзүүлж байна. Иймээс хэлсэн үг нь намайг хатгаад авахгүй, тийм үйлдэл гаргалаа ч би түүнийг хүндээр хүлээж авахгүй, энэ хүн өөрийн эрх байхгүй ийм үйлдэл гаргалаа. Гэвч энэ хүн амгаланг хүсэж байгаа, зовлонг хүсэхгүй байгаа тиймээс энэ хүний асуудлыг би улам хурцатгаж болохгүй” гэж 4 бодвол бодит байдлыг харж чадаж байгаа юм. Ингэж бодож чадсан хүн тухайн асуудалд тайван, хүлээцтэй хандаж чаддаг. Өдөр бүр асуудал тулгарахад ийнхүү бодож, хичээж чадвал өдөр тутам билгийг дадуулах гэнэ.
Арга, билиг байхгүй бол хүн зөв зүйлд чиглэдэггүй. Хэрэв билгийг дадуулаагүй бол хэчнээн сайн санаа, зөв сэтгэл байлаа ч сайн санаа төдий болоод л үлдэнэ. Арга байхгүй билиг байснаар бусдад хортой муу үйл сэтгэж, олон хүнд хортой үйл хийдэг тул сайн үр дүн гарахгүй. Тийм учраас арга, билиг хослон байж өөрт болон нийгэмд, бусдад тустай, энэ дэлхийд хэрэгтэй сайн үйлүүд хийж, сайн үр дагавруудыг бий болгодог.
Subscribe to:
Posts (Atom)